Чин хайр минь, алаг үр минь нандин эрдэнэ…
Хүүхэд байхдаа үзээд “уйтгартай, утгагүй” гэж боддог байсан “Нандин эрдэнэ” киног өөрөө том болоод гэр бүл зохиож, үр хүүхэдтэй болсон хойноо саяхан нэг үзэв. Аливаа уран бүтээлийг хүлээж авах, ойлгох, үнэ цэнийг мэдэрч, ухаж ойлгож авахад үзэж туулсан амьдрал, нас, мөнхүү мэдлэг боловсрол нөлөөлдөгийг ойлгуулсан эл киноны талаар сэтгэгдлээ сийрүүллээ.
- Кино зохиолын тухай
Дэмбээгийн Мягмар, Ичинхорлоогийн Нямгаваа нар Д.Мягмарын “Нандин эрдэнэ” жүжгээс сэдвэлэн кино зохиолыг бичжээ. 1986 онд бүтээгдсэн киноны өгүүлэх санааг зохиолын сонгодог бүтцээр бичсэн байх бөгөөд өрнөл хэсэгт залуу хосууд хэрхэн биесээ хайрлаж, аж төрж, хэдий ээж нь үгүй болсон ч нөхрөө түүний орон зайг нөхөж буй хэмээн эндүүрч буй бүсгүй дээр төвлөрөх бөгөөд тайллыг Оюуны ам нээж, үг хэлж буйгаар /киноны эхнээс энэ тайлал хэсэг хүртэл Оюун нэг ч үг хэлдэггүй/ ганцхан өгүүлбэрт багтаажээ. Сайн зохиолын өгөх гэсэн санаа, агуулсан мессеж, сэдэв нь хэзээ ч хуучирдаггүй баталгаа нь энэ байж мэднэ. Харилцан яриа болон үйл явдлын дэс дарааллыг өрсөн зохиолчийн логик аргачлал тун таалагдсан. Арга ч үгүй биз дээ амьдралын орвог гашууныг амталсан насны эр улс бичсэн зохиол учир юмны учиг сумны гичирийг зангидаж чадахаас ч яах билээ. /Ер Нямгаваа гуайн бүтээлүүд пост продакшн маш сайтай, Гарын таван хуруу кинонд гэхэд жижиг деталиудад төвлөрүүлэн нарийн учиг зангилааг гайхалтай шийдэж чаддаг уран бүтээлч юм билээ/ Дөч гарсан эр, дөрөө дарсан агт гэх Монгол үг бас зүгээр ч нэг үг биш ажээ хэмээн зохиолын өрнөлүүдийг хараад бодож суув.
2. Киноны өгч буй мессеж
Кино эхлэхдээ л Дулмаагийн гоо үзэсгэлэнг шагшруулахаар сценатай байх бөгөөд Дулмаагийн гоо үзэсгэлэн, сэтгэл хоёр нь хиргүй ариун агаад Дамчаа харц шигээ, уран гар шигээ гэмгүй нэгэн болохыг илтгэж буй мэт. Дурлалд л шатах явах ёстой залуу нас гэдгийг Дулмаагийн уран бие, үзэсгэлэнт төрхөнд нэгтгэн харуулж байгаа бололтой. Хосууд дурлаж, хайрлаж бие биедээ татагдаж буй процесс нь хүн ёсны жамаар эхлэх нь зохиолын эхлэл бөгөөд өрнөл хүртэл ойлгомжтой хэвийн өрнөнө.
Дулмаа ээжийнхрүүгээ явахаа Дачмаад хэлж, түүний араас хөдөөг зорьж очиход Дулмаа аль хэдийнэ хот хүрээ рүү буцсан байдаг хэсэгт нэг биш нилээн хэдэн санааг өгүүлэхийг зорьжээ. Эхэлж буусан айлдаа хүүхдийн сэвлэг үргээж хайч хүргэсний араас Дамчаа төрсөн өдрийн дуу дуулдаг нь “үйлдлийнхээ учир холбогдлыг ухамсарлах болоогүй залуу” гэдгийг илчилж байна. Логикын хувьд хүүхдийн үс хөндсөн бол “үсний найр” гэдгийг хөлчүүхэн хүн ч мэдэх учиртайг мөн л гэрийн эзний “хот хүрээнийхэн ч аргагүй биз дээ…” гэх өгүүлбэрт багтаан “борог амьдралаас тасархай, амьдралын хар ухаангүй” гэдэг санааг ёгтлон илэрхийлжээ. Ханд гуайнхыгаа олоод хоёр үг холбож хэлж төвдөхгүй байгаа нь гэрийнхээ босгоноос давж үзээгүй Дамчааг хүнтэй харилцаж чадахгүй өдий насанд хүрсэнийг нь өгүүлнэ. Монгол зүйр үгэнд “эргээ давж үзээгүй, эхнэрээсээ өөрийг танихгүй” гэх айхтар үг бий нь алсын хараагүй эр хүнийг зүйрлэдэг бөгөөд энэ сценийг үзэхэд толгойд яг энэ л зүйр үг орж ирсэн дээ. Цаашлаад авах гээхийн ухаангүй гэдэг нь ээжийнхээ үгэнд автаж, хадам ээжийнхээ үхэхтэй зэрэгцэж хуруунаас нь бөгжийг сугалж буйгаар илэрнэ /өмнөх санаагаа давтан, бататгах уран зохиолын техникийг зохиогч, найруулагч ийнхүү шийдэж, харуулсан байх/ Өөрийн гэсэн толгойгүй эр хүн муу, сайныг ялгах ухаангүй байх нь алсдаа амьдрал болдоггүй гэх санааг киноны туршид өгүүлэх нь цааш улам батлагдаж ээжийнхээ муу санаа, хорон үйлдлийн бурууг мэдэрсэн ч түүний төлөө тэмцэхгүй, хулчгар зан байдлаас салахгүй байхаар илэрдэг нь орцонд уурлаад сууж байхад нь Сурмаа дагаж гарч ирээд “багахан эрхлээрэй чи, ор” гэх текстээс харагдана. /үгүй нээрээ киноны харилцан яриаг ингэж л бичдэг байх нь гэж бодсон, үг бүр нь утга санаатай, углуургаар нь бодож үзвэл өргөн санааг агуулж байх юм/ Орчин цагт маш ихээр яригдаж, манай үеийн залуус ярих болсон “хүүхэд насны траума, “токсик аав ээж”-ийн тухай санааг аль 40-өөд жилийн өмнө Д.Мягмар зохиолоороо, И.Нямгаваа кино бүтээлээрээ хөндөж тавиад зогсохгүй, илчлээд бүр шийдэлтэй нь хамт санал болгочихжээ. Хүүдээ, охиндоо аль алинд нь үзүүлмээр өгөөжтэй, хүртээлтэй хэзээ ч хуучрашгүй сэдэвтэй бүтээл аж. Киноны туршид хүүхэд байхаас үзэхдээ Дулмаагийн дүү Оюуныг “хэл ярианы бэрхшээлтэй” гэж боддог байтал Оюуны “Үгүй бид энэ хүнд дайгдаж яваа юм” гэх текстээр киноны туршид эргэлдсэн ээдрээт зангилааг тайлж, үзсэн үзэгчийн зүрхийг хөндөхөөр мэргэн шийдэл, зохиолын гол өнцөг байж. Дүр бүхэн олон урт хэрэггүй текст өгүүлэх албагүй, хамгийн агуу утга хамгийн цөөн үгээр илэрхийлэгддэгийн жишээ болжээ хэмээн дүгнэв. Киноны өгүүлэх гэсэн санаа өргөн бөгөөд өгөх мессеж нь ч дундрашгүй “хайрлахаас өөрийг бодохыг хүсэхгүй байгаа хосын дундуур хөрөнгө мөнгө, өнгө үзэмж ярьж орж ирдэг Монгол аав ээжүүд үр хүүхдийнхээ төдийгүй өрөөлийн үрийн амьдралд хэрхэн хар толбо үлдээдэг, түүнийг танин мэдэж гинжин хэлхээнээс мултарч гарах ухаан үгүй бол хайр ч үгүй, халамж ч үгүй хань ч үгүй хоцордогийг харуулжээ” хэмээн дүгнээд, үзэж дууссаны дараа ханиа хайрлаж нэг хармаар, үр хүүхдээ энгэртээ чангахан тэвэрмээр санагдсан. /уран бүтээлийн амьд байдал гэж магадгүй үүнийг хэлдэг юм болов уу/
Киноны тайлал Дамчаа, Оюун, Дулмаа гурав галт тэрэгний чиглэлийн хөдөлгөөний улмаас зам дээр саатаж буй хэсэгт илэрнэ. Эмнэлгийн гадаанаас хөдлөөд явахад машинд суухад Дамчаа хар өнгийн хувцастай, Оюун бор, Дулмаа харин цав цагаан хүрэм, малгайтай байх нь зохиолын зангилааны бас нэг түлхүүр байна. /Дамчаагийн сэтгэл хийгээд оюун нь өмссөн хувцас шигээ нэгэнт харлаж, амьтай хүнийг бус амьгүй зүйлийг шүтэх болсоныг илтгэх бол Дулмаагийн цав цагаан хувцас нь түүнийг хиргүй ариун сэтгэлтэй, гэнэн нэгэн болохыг дээрээс нь хэвлийдээ үр тээж буй ариун нандин эх хүн гэсэн санааг урлажээ. Харин Оюун багаас ээжийнхээ хажууд борог амьдралд өсч амьдралын хар борыг ухаж ойлгодог хат суусан, хэрсүү нэгэн гэдгийг түүний бор өнгийн пальто, үслэг малгайгаар илтгэжээ/ Дамчаа машинаасаа бууж өвгөнийг цохиж авахад “хүнээ нэгэнт байсан” гэдэг учир нь олдоно, Дулмаа сандарч буухтай зээгцэн Оюун эгчийгээ хамгаалахын сацуу “үгүй бид энд хүнд дайгдаж яваа юм” хэмээн сэргийлэгчид хэлдэг нь энэ хүнтэй амьдралын туршид ханилах бус дайгдах мэт явсанаа ухаарч, богино учралдаа ингээд цэг тавих ёстой сануулгыг эгчдээ өгч буйг илтгэсэн конверсац байжээ хэмээн дүгнэв.
Нэгэнт зангилаа ийнхүү тайлагдсан хойно зохиолч, найруулагч 2 төгсгөлөө сэтгэл хөдлөм ухаалгаар шийдэж, Сансарын тунелын утасны бүхээгийн гадаа зогсох хэсгийн сцена дээр ээж нь Дулмаад түүнийг муу бүхнээс хамгаалж, буруу зөвийг чиглүүлж өгөх охин дүүг нь бэлэглэсэн гэдгийг ойлгосон тул Оюуныг нандин эрдэнэтэй зүйрлэж буйгаар үзүүлсэн нь гайхалтай сэтгэл уярам санагдсан. /цааш төгсгөлийн аютобусанд суугаад явахад шаартай хүмүүс орж ирдэг шийдэл нь мөн л ямар ч эх хүн үзээд уярмаар/
3. Жүжигчдийн сонголт
Жүжигчдийн сонголт хийгээд зураг авалтын шилжилтүүд мэдээж үзэгчийн хувиар үзэхэд сайхан болжээ. Киноны сөргүүлэн тавьсан гол учир, зангилаа бүхнийг тодоор дүрслэхэд гол үүрэг гүйцэтгэх Сурмаагийн /хадам ээж/ дүрийг жүжигчин Ж.Лхамхүү гайхалтай урласан гэхээс өөр юу гэх билээ. Оюуныг жирэмсэн болсоныг Дамчаа ээждээ хэлэхэд үсээ самнангаа “юун хүүхэд, өнгөтэй өөдтэй явья, хөрөнгө мөнгөтэй байя гэж бодохын оронд хүүхэд гэлээ гэнээ” гэх тэр нүүрний хувирал, жүжигчний уран чадварыг толинд ойлгон харуулахдаа Дамчаг зэрэгцүүлэн план тавьсан нь нь тэрхүү дүрийг бүрэн орж, хүн үзэн ядтал харуулж чадсан нь киноны шигтгээ гэмээр… /эсрэг дүрийг ихэнх хүмүүс төдий сайшаадаггүй ч уран бүтээлийн талаас харвал гол роль энэ дүрийн жүжигчний уран чадвараас ихээхэн хамааралтай билээ/
Орчин цагт ч хуучрахгүй амьдралын мөн чанар, хүн хүний мөс, амьдралын ухаан, алсын хараа, хамтын амьдрал, хайр сэтгэл, хүүхэд насны траума, токсик эцэг эх, гэр бүл зохиох хариуцлага гээд олон сэдвийг нэг дор агуулсан уг бүтээлийг манай үеийн залуус одоо нэг үзвэл нэгийг биш хоёрыг ч биш нилээнийг ойлгож авах юм байна хэмээн үзсэнээ ийнхүү сийрүүллээ.