Хайрын комплекс буюу хүчирхэг эмэгтэй гэх симптом

Ariun Kang
5 min readOct 22, 2023

--

Yeah I can love me better than you can… гэх дахилтын төгсгөлтэй цангинасан хоолойт Miley Cyrus-н дуу энэ хаваржин, зунжин хаа сайгүй эгшиглэж, хандалт нь аль хэдийнээ 600 саяыг давжээ. Бүх л эмэгтэйчүүд өөрийн сошл сүлжээнд энэ дууг байршуулж, уран бүтээлчийн хүчтэй, гайхалтайг шагшин, зарим нь бүр “өөрийгөө орхигдуулсан байсныг санууллаа” гэх зэргээр дотоод комплексуудыг нь энэхүү дуу ил гаргаж орхив.

Source: Imdb

Үнэн хэрэгтээ эр хүний учрыг олж, хамтран амьдрах, энх тайвнаар оршин тогтнож чаддаггүйгээрээ холливудын ертөнцөд Miley Cyrus алдартай. Ихэнхдээ түүний бүх хайр дурлал, гэрлэлт хууралт, хаягдалтаар төгсдөг нь түүний уран бүтээлээс ч нэвт үнэртдэг. Тэр бол “хүчтэй эмэгтэй” гэх симптомын хамгийн том үзэгдэл төдийгүй эмгэнэлтэй нэгэн жишээ юм. Эрэгтэй хүнээс цэцэг горьдохгүй би өөрөө худалдаад авчихна, хэн нэгэн надад хайраа илчилж нэрийг минь романтикаар элсэн дээр бичихээс илүү би өөрөө биччихнэ, би өөрийгөө хөтлөөд алхана, би өөрийгөө чиний намайг хайрладгаас илүү хайрлана гэх агуулга нь өнгөц сонсоход хүчтэй мэт боловч угтаа маш өрөвдөлтэй, хайрыг хүсдэг ч хайрлуулж үзээгүй, хайрыг хүртэх эрхгүй эмэгтэй гэдгийг гүндээ мэдрүүлнэ…

Өөртэйгээ бүжиглэж, өөртэйгээ ярилцах юм бол хайрлаж дурлахыг хүсэх хэрэг юусан билээ. /Үнэндээ өөртэйгээ ярих нь сэтгэл зүй, мэдрэл судлалын шинжлэх ухаанд шизофрени өвчний шинж тэмдэг юм ккк/ Нөгөөтэйгүүр орчин цагт феминизм болон бусад үзэл ухуулгын уршгаар эмэгтэйчүүд хүчтэй гэх нэрийн дор эр хүнтэй дасан зохицох чадваргүй болсон нь дэлхий дахин дахь эмэгтэйчүүдийн салалтын харьцаа, ганц бие ээжүүдийн тоо зэрэг харуулна. Эмэгтэйчүүдийн шийдвэр гаргалтын түвшин дэх тэгш байдал, жендерийн талаар эхэлсэн үзэл хандлага орчин үед улам бүр гаарч, явцуу утгаар хэрэглэгдэж хайр дурлал, гэр бүлийн харилцааны хаалгыг цөм өшиглөж орж ирсэний тод томруун жишээ ч гэж болно Flowers дууг…

Үнэндээ эр хүнээс цэцэг авах гэдэг ямар ч мэдрэмжээс хүчтэй, “өөрийгөө эмэгтэй хүн чигээр нь мэдэрч, хайрлах” боломжийг олгодог эрт үеэс тогтсон “хүн ёсны соёл” биш гэж үү? Дээрээс нь өөрөө өөрийгөө хайрлах учраа олоогүй зөвхөн эр хүнээс өөрийг нь хайрлахыг хүлээж судаг пассив эмэгтэйчүүд олон бий. Би л эмэгтэй хүн юм чинь гэх сонин үзэгдэл нь эрчүүдийн хамгийн дургүй үйлдэл байдагийг даанч комплекс ихтэй тийм төрлийн эмэгтэйчүүд үл ойлгоно. “Эмэгтэй хүн учраас” гэдэг үгээр түрий барих эмэгтэйчүүдээс би лав ичдэг. Тийм төрлийн бүсгүйчүүдтэй найзлах нь битгийхэл ойртох ч хэрэггүй гэж үздэг. Орчлон дээр хэдэн тэрбум “эмэгтэй” бий. Цаашлаад байгалийн өгөгдлөөр эмэгтэйчүүд сул дорой хэдий ч түүнийг “өрөвдүүлэх, даврах, хатуугаар хэлвэл хайр нэхэх” хэрэгсэл болгох бус тодорхой асуудлуудыг өөрийн оюуны хүчээр шийдэх, эр хүнтэй дасан зохицож сурах хэрэгтэй шиг… Үүн шиг бас ийм төрлийн эмэгтэйчүүд комплексоосоо болж эр хүнд хаягдахаараа бүх буруу нь эрэгтэйгийнх байсан гэж үздэг. /i forgive every word you say гэж Miley дуулах боловч клипэн дээрээ түүний пиджакыг өмссөн байгаа нь бас энэ сэтгэцийн төрлийн ил гарч байгаа хэлбэр юм/ Өөрөөр хэлбэл өөр лүүгээ хэзээ ч өнгийдөггүй буюу нөхцөл байдалд үнэн зөвөөр үнэнлт өгөх, эрүүл ухаанаар дүгнэлт гаргаж чаддаггүй гэсэн үг.

Орчин цагийн нийгэм, хэвшмэл ойлголтууд “эмэгтэй хүнд эр хүн хэрэггүй” гэж ухуулах болжээ. Эрчүүдийг улам сул дорой болсон, эмэгтэйчүүдийг улам хүчирхэгжиж буй мэт стeрeотип нийгэмд хэтэрхий гаарч байх шиг. Үнэндээ улс орныг яагаад эрчүүд удирддаг вэ? Эрэгтэй тогоочийн хоолны амт хэдэн жил ч болсон яагаад өөрчлөгддөггүй вэ? Эрчүүд ажил дээр яагаад эмэгтэйчүүдээс хурдан дэвшдэг вэ? Гээд олон шалгуур, хүчин зүйлийг ажиглан харвал эрчүүд угаас бидний “дээр” л байдаг, байсаар ч ирсэн. Эр хүний эдгээр давуу байдал, адаглаад гормоны өөрчлөлтөд ордоггүй шахуу учраас сэтгэл зүйн тогтвортой байдал нь байгалийн шалгарлаар эм хүнээс “илүү байхаар” заяагдсан. Нийгэм яаж ч хүчтэй, ямар ч аргаар ухууллаа ч байгалийн зүй тогтлыг даван гарсан түүх байхгүй (зүйрлэн хэлвээс яг л энэ зун Улаанбаатар хотод буусан үeр шиг). Фeминист хандлага хүчээ авсан, эмэгтэйчүүд биe даасан болсон энэ цаг үeд ийм юм бичиж суух нь намайг тэнэг хүүхэн гэж бодоход хүргэж болох ч эр хүний оролцоогүйгээр нийгэм ч өөрөө оршин тогтнох боломжгүй, харилцан шууд хамааралтай. Эвцэлд орох, үр удам үлдээхэд ч тэднийг сүүлдээ үгүйсгэх болж, шинжлэх ухааны ололт амжилтууд оргилдоо хүрч үр шилжүүлэн суулгаад л төрчихнө гэх хандлага цухалзах болж. Тэр үрийг шилжүүлэн суулгахад гүн хөлдөөсөн эр бэлгийн эс хэрэгтэй, одоо манай улс удахгүй гаднаас гүн хөлдөөсөн эр бэлгийн эс импортлохоор төсөл хэлалцээрийн түвшинд яригдаж байна. Ингээд бодохоор эр хүн хэрэггүй гэж хэлж болох уу даа?! Нөхрийн, найз залуугийн үр удам тогтоох чадвар гэдэг юугаар ч үнэлэшгүй хөрөнгө оруулалт мөн үү? Гэвэл би лав мөн л гэж хэлнэ.

Саяхан багш маань Японд хийгдсэн сонирхолтой судалгаа ярьж өгсөн. Япон аавуудын гэр бүл дэх нэр хүнд, хүндлэлийн индэкс мөнгөн төдбөр тооцоо цахим хэлбэрт шилжсэнээс хойш 30% буурсан байна гэнэ. Яагаад гэтэл өмнө нь аав нар цалин буухаар гэртээ дугтуй дүүрэн мөнгө барьж ороод хүн бүрт хуваарилан гарт нь олгодог байсан тул шууд хүндлэл оршсоор байж, гэтэл цахим болж дансруу шилжүүлдэг болсоноор “хүүхдүүд аавдаа талархах сэтгэл” нь багассанаас хүндлэл устаж байгаа аж. Энэ судалгаа юуг харуулсан бэ? Гэвэл хүндлэл ёс заншил, хувь хүний үнэт зүйл байхаа болиод улам бүр матeриаллаг шинжтэй болжээ. Айхтар арлын орны хүмүүс эрчүүдийнхээ хүндлэлийн индэксийг хүртэл тогтоож байна шүү дээ. Сонирхуулахад Японд хамгийн олон жил үe залгамжлан үйл ажиллагаа явуулж буй рамeн шөлний газруудын тогооч бүгд эрэгтэй байдаг. Учир нь эрэгтэй хүн гормоны өөрчлөлтөд ордоггүй учраас хоолны амт нь хэзээ ч өөрчлөгддөггүй.

Дэлхийн түүхийг ч сөхөн харвал “хаант улс, эзэнт гүрэн” гэж байснаас “хатант улс” гэж байгаагүй. Клeопатра хүчтэй мундаг шүү дээ гэж киног нь үзсэн бүсгүйчүүд хэлдэг л юм. Гэвч уучлаарай түүхэн сурвалждаа тэрээр Цeзарын “хүүхдийг төрүүлсэн учраас” л мундаг болсон юм. Өөр юу ч биш…

Учиргүй эр, эмээ үзэлцэх биш учиг гарвалаа бяцхан тунгааж эр хүнд хүндэтгэлтэй, гэр бүл хайр сэтгэлийн тал дээр эн тэнцүү байх гэж үзэлцэлгүй харилцан шүтэлцээд, хайрлан дурлалцаад оршихсон.

Хорвоо дээр шүтэн бишрэх эр хүнгүй болчихвол үгүй мөн эмгэнэлтэй биш үү дээ… Хааяа сул дорой байж, хааяа эр хүнээс хамааралтай байж, хайртай хүнээсээ цэцэг горьдож, хайртай хүндээ баярлаж, туниж зүгээр л “эм хүнээрээ” л баймаар байна, тийм байж гэмээнэ хорвоогийн зүй тогтол тэнцвэрээ хадгална.

Харин би:

Тэр надад цэцэг худалдаж авч өгвөл би баярлана

Тэр миний нэрийг элсэн дээр бичвэл би хайрлана

Тэр надтай цаг гаран ярьвал би хүндэлнэ

Би түүнтэйгээ бүжгийн талбайд бүжиглэмээр байна

Би түүнийхээ гараас хөтлөөд жаргалтай алхана

Тэр намайг бүхнээс илүү хайрладаг

/би лав эр хүнд хайртай/….

Хайр дурлалын комплексоо таягдан хаяж, харилцан ойлголцож, хүндлэн биширч, хайрлан дурлацгаая л даа. Бид нэг л амьдарна.

--

--

Ariun Kang
Ariun Kang

Written by Ariun Kang

Business lawyer, Political researcher

No responses yet