Нэр төр, алдар хүнд буюу гомдох эрх /1-р хэсэг/
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиаль медиа платформын хөгжлийн нөлөөний улмаас хувь хүний нэр төр, алдар хүндийг хамгаалах нь нийгмийн тулгамдсан асуудлын нэг болоод буй. Одоогийн байдлаар хүний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, түүнийг хамгаалах харилцааг Үндсэн хууль, Иргэний хууль, Зөрчлийн тухай хуулиар тус тус зохицуулж байна.
Дээрх эрхийн хамгаалалтын харилцаан дахь Зөрчлийн хуулиар зохицуулсан зохицуулалтыг энэ удаа орхиод Иргэний хууль, Иргэний хэргийн шүүхээр нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хэрхэн хамгаалж буй талаар энгийнээр хөндөе.
Монгол улсын Иргэний хуулиар иргэний нэр төр, алдар хүнд ажил хэргийн нэр хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийн хамгаалалтын зохицуулалтыг тусгасан байх бөгөөд энэхүү эдийн бус харилцаа нь хуулиар тодорхойлсон хоёр субьектын хувьд харилцан адилгүй тодорхойлогддог.
А. Иргэний нэр төр, алдар хүнд ба ажил хэргийн нэр төр, түүнийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг хамгаалах, сэргээх.
Б. Хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүнд, түүнийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг хамгаалах, сэргээх.
Дээрхээс “А” категорыг дэлгэрүүлэн авч үзнэ.
А. Иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гэж юу вэ?
Харин Иргэний хуулийн зохицуулалтад дурдагдсан “ажил хэргийн нэр хүнд” гэх ойлголтыг тус хууль болон хуулийг тайлбарласан Дээд шүүхийн тогтоолоор тодорхойлоогүй. Гэсэн ч онолын хүрээнд ажил хэргийн нэр хүндийг “ тодорхой этгээдийн мэргэжлийн буюу аж ахуйн үйл ажиллагааны явцад олж авсан нийгмийн үнэлгээ, хүний буюу хуулийн этгээдийн ажил хэргийн чанар, алдар хүндийн тухай ерөнхий буюу өргөн тархсан санаа бодол” хэмээн тодорхойлж, шүүхийн шийдвэр гаргах ажиллагаанд хэрэглэж байгаа юм.
Үндсэн нэр томъёоны ойлголттой болсон учраас 2017–2019 онуудад анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн энэ төрлийн хэргийн шийдвэрүүдэд бяцхан анализ хийж үзье.
Шүүхийн шийдвэрийн нээлттэй цахим санд нйитлэгдсэн Анхан шатны шүүхийн шийдвэрээс нэр төр, алдар хүнд сэргээлгэх, сэтгэл санааны хохирол нэхэмжлэх шаардлага бүхий нэхэмжлэлтэй хэргийн шийдвэрүүдийг шүүн үзвэл нийт 89 шийдвэрийн дээрх инфографик харагдана.
Хувьчлан ангилж үзвэл нийт нэхэмжлэлийн 29.37 хувийг шүүхээс хангаагүй байгаа юм. Дээрх статистикт яаран дүгнэлт өгөхөөс урьтаж ямар төрлийн шаардлагатай нэхэмжлэлийг Анхан шатны шүүхээс бүрэн хангаж, ямар тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох буюу хангахгүйгээр шийдвэрлэж байгаад ач холбогдол өгөх нь зүйтэй.
Бүхэлд нь хангахгүй болгон шийдвэрлэсэн хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрээс задлан харвал нэр төр, алдар хүндэд халдсанаас сэтгэл санаанд учирсан хохирлыг мөнгөн дүнгээр /5,000,000–80 хүртэлх сая төгрөгийн дүнтэй/ нэхэмжилсэн байгааг харж болно. Дээрх нэхэмжлэлийн үнийн дүнд нэхэмжлэгчийн зүгээс дараах зардлуудыг оруулан нэхэмжилсэн байна. Үүнд:
- Сэтгэл санаанд учирсан хохирол
- Шүүхэд очсоноос гарсан зардал
- Өмгөөлөгчийн хөлс
Харин бүхэлд нь ханган шийдвэрлэсэн шийдвэрийн үндэслэлийг харвал “уучлалт гуйхыг даалгах”, “худал мэдээлэл тараасан хэлбэрээр залруулга, няцаалт хийхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлүүд хангагджээ.
Нэхэмжлэлийн зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн шийдвэр нийт шийдвэрийн 15.13 хувийг эзэлж байгаа /график 2/ бөгөөд ийм төрлийн шийдвэр дэх нэхэмжлэлийн шаардлага нь нэгдүгээрт нэр төр, алдар хүндэд халдсан худал мэдээ, мэдээллийг залруулахыг даалгах, хоёрдугаарт сэтгэл санаанд учирсан хохирлыг мөнгөн дүнгээр гаргуулах гэсэн хоёр төрлийн шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, залруулга хийхийг даалгасан ч мөнгөн дүнгийн хохирлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Тэгвэл яагаад шүүх өөр хоорондоо ялгаатай шийдвэрүүдийг ижил төрлийн маргаан дээр гаргадаг вэ?
Монгол улсын Иргэний хуулийн 21-р зүйлд нэр төр, алдар хүндийн хамгаалалтыг бэхжүүлэн, мөн зөрчигдсөн тохиолдолд сэргээх арга замыг зохицуулан хуульчилсан байдаг.
21.2.Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ.
21.3.Бодит баримтыг бүрэн гүйцэд мэдээлээгүйгээс бусдын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан бол энэ хуулийн 21.2-т заасан журмаар няцаах үүрэг хүлээнэ.
Дээрх зохицуулалтад хууль зүйн уншилт хийвэл онолын олон ойлголтыг дэлгэрүүлж тайлбарлах шаардлагатай болох тул энгийн бөгөөд ойлгомжтой байдлаар авч үзье.
21.2, 21.3 дахь хэсэгт хамгаалалтын аргыг “мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” хэмээн тогтоон хуульчилсан тул хэн нэгний нэр хүнд, алдар хүндэд халдсан этгээдэд хүлээлгэх хариуцлага нь мэдээг няцааснаар дуусгавар болох юм. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн энэхүү заалт нь хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах аргыг тодорхой байдлаар хуульчилсан цорын ганц заалт гэж болно.
Зарим хуульч, өмгөөлөгчид үүнтэй саналд нэгдэхгүй байх нь бий бөгөөд Иргэний хуулийн 511 дэх хэсгийг хамт хэрэглэх буюу сэтгэл санааны хохирлыг мөнгөн дүнгээр нэхэмжилж болно гэж үздэг.
511.1.Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ.
511.2.Эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд мөнгөөр тооцож тогтоох бөгөөд мэдээ тараасан уг хэлбэр болон бусад аргаар няцаалт хийхийг гэм хор учруулсан этгээдэд үүрэг болгоно.
Нэр төр, алдар хүндэд халдсан тохиолдолд мөнгөн төлбөр нэхэмжлэх боломжтой хэмээн иргэдийн олйгох үндэслэл нь “…нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах…” гэх хэсэг бөгөөд мөнгөн дүнг тухайн хүн өөрийн эрхэлж буй албан тушаал, нийгэмд эзэлж буй байр суурьтай холбогдуулан үнэлж, нэхэмжлэлийн шаардлагад оруулсан байх нь бий. Гэвч 511.1 дэх хэсгийн заалт нь буруутай этгээдийг үүрэгжүүлсэн шинжтэй буюу нэгт, мэдээллийн үнэн зөвөө нотлох үүрэг, хоёрт, үнэн зөвөө нотолж чадаагүй бол хариуцлага хүлээх үүргийг хүлээхийг сануулж буй “үүрэгжүүлсэн” заалт юм. Харин 511.2 дахь хэсэгт хэрхэн хамгаалах арга замыг тодорхойлсон бөгөөд үүнийг шууд “зохицуулах заалт”-тай адилтган шүүхийн практикт хэрэглэж байгааг харж болно.
Гэсэн ч 511.2 дахь хэсгийн зохицуулалтыг салгаж уншвал нэгдүгээрт хохирлыг тогтоох аргыг, хоёрдугаарт хохирлыг арилгах замыг таслалаар тусгаарлан хуульчилж өгсөн. Уг заалтын дээрх 2 салангид зохицуулалт нь иргэд, хуульчдын хууль хэрэглээний төөрөгдөл, шүүхийн шийдвэрийн ялгаатай байдлын гол зангилаа, шалтгаан болж байгаа юм.
Өөрөөр хэлбэл хохирлын хэмжээг мөнгөн дүнгээр тогтоож болохоор хуульчилсан ч “барагдуулах” зохицуулалтгүй, зөвхөн няцаалт хийх шийдлийг заан хуульчилснаас хууль хэрэглээ болон шүүхийн практикт мөнгөн дүнгээр нэхэмжилсэн “нэр төр, алдар хүнд сэргээлгэх, сэтгэл санааны хохирол барагдуулах” нэхэмжлэл бүрэн хангагдах боломжгүйд хүрчээ.
Иймээс дангаар “няцаалт хийхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл бүрэн хангагдаж, мөнгөн дүнгээр нэхэмжилсэн нэхэмжлэл хангагдахгүй орхигдох явдал нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй бөгөөд тэдгээр шийдвэрийг шүүгч өөрийн үзэмжээр, ялгаварлан шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй болж байна.
Анализ хийсэн шийдвэрүүдийн мөнгөн дүнгээр хохирол нэхэмжилсэн нэхэмжлэгчдийн 50 орчим хувийг улс төрч, бизнесменүүд эзэлж байгаа бөгөөд өндөр албан тушаал, нийгэмд эзлэх байр суурийн хувьд өөрийн ажил хэргийн нэр хүндийг өндөр дүнгээр үнэлсэн байгаа нь харагдана.
Материаллаг хуулинд /Иргэний хууль/ нэр төр, алдар хүндэд учирсан хохирлыг мөнгөн дүнгээр тооцох аргачлалыг нарийвчлан хуульчилсан тохиолдолд мөнгөн дүнгээр нэхэмжилсэн нэхэмжлэлийг бүрэн хангах боломж шүүхэд бүрдэх юм. Мөн Иргэний хуулинд “сэтгэл санааны хохирол” тооцох зохицуулалт байдаггүй учир зарим иргэд сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэлд мөнгөн дүнгээр оруулан бичиж нэхэмжлэх тохиолдолд шүүхээс түүнийг ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байхгүй юм.
Сэтгэл санааны хохирол болон өмгөөлөгчийн зардал, шүүхэд маргаан үүсгэснээс гарсан зардлыг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл, түүнийг шийдвэрлэж буй зарим практикийн асуудлыг дараагийн хэсэгт хөндөцгөөе…